ЖАЙКА-тай хамтран 10 мянган программист төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр Япон улсын ЖАЙКА байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, “Харгиа” цэвэрлэх байгууламж, 10 мянган программист төсөл болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Жайка байгууллага нь манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтаар дээрх сэдвийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, сайн дурын мэргэжилтэн томилон ажиллуулах зэрэг хамтын ажиллагааны боломжийг судлахаар санал нэгдлээ.