Олон улсын цэргийн наадам 10 улсын нутаг дэвсгэрт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-03 11:13:35

МОСКВА. /ТАСС/. "Олон улсын цэргийн наадам-2019"-т дэлхийн 36 улсын цэргүүд 10 орны цэргийн хээрийн сургуулийн талбайд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөнө.


Энэ жилийн наадамд 36 улсын армийн 200 багийн 5000 гаруй цэрэг оролцож байгаа бөгөөд тэд 10 улсын цэргийн хээрийн сургуулийн 25 талбайд болох 32 тэмцээнд мэргэжлийн ур чадвараа сорино. ОХУ-д 15 тэмцээн болох бол үлдсэнийг нь Азербайжан, Армен, Беларусь, Иран, Энэтхэг, Хятад, Казахстан, Монгол болон Узбекистан улсад зохион байгуулна.


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн мэдээлснээр, уг наадам хамрах хүрээгээрээ дээд амжилт тогтоосон бөгөөд тэмцээнүүдийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах хүсэлтэй улсуудын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэхүү наадам нь “байлдааны бэлэн байдлыг сайжруулахад нөлөөлөөд зогсохгүй цэргийн алба хаагчдын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тусална” гэдэгт тэрбээр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


2019 оны хөтөлбөрт “Ослын бүс” /аврах ажиллагааны шилдэг багийн төлөөх өрсөлдөөн/, “Саяны марш” /хоёрдугаар сард зохиогдсон уулын анги нэгтгэлүүдийн өвлийн нөхцөл дэх тэмцээн/, “Морин уралдаан” /морьт цэргийн ангийн тэмцээн/ болон “Туйлын од” /тусгай хүчнийхний тэмцээн/ гэсэн дөрвөн шинэ тэмцээн орсон байна.


Гадаадад болж буй тэмцээнүүд

Энэ жил БНХАУ хамгийн олон тэмцээн зохион байгуулна. Тус улсад явган цэргийн байлдааны тээврийн хэрэгслийн багуудын “Суворовын дайралт” тэмцээнээс гадна, зэвсгийн мастерууд өрсөлдөхийн зэрэгцээ цацраг, биологийн болон химийн тагнуулын багуудын “Аюулгүй орчин”, зенитийн их буу болон зенитийн пуужингийн анги нэгтгэлүүдийн “Цэлмэг тэнгэр” тэмцээн болно.


Харин Казахстан улсад холбоочдын “Найдвартай хүлээн авалт”, нисгэгчгүй аппаратын анги нэгтгэлүүдийн “Шонхрын ан” болон “Их бууны галын мастерууд” гэсэн гурван тэмцээн зохион байгуулна. Мэргэн буучид болон тусгай анги нэгтгэлүүдийн цэргүүд Беларусьт ур чадвараараа өрсөлдөнө. “Морин цэргийн уралдаан” Монгол Улсад, “Энхийн дайчид” тэмцээн Арменд, “Тэнгисийн цом” Азербайжан улсад болох бол замын цэргийн байцаагчид болон шумбагчид Иранд, тагнуулчид Энэтхэгт өрсөлдөнө. Цэргийн эмч нарын буухиа тэмцээн Узбекистанд болно.


ОХУ-д болж буй тэмцээнүүд

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, энэ жилийн наадмын сонгон шалгаруулалтын шатанд Оросын 51 мянга гаруй цэрэг, 20 мянган баг оролцсон байна. Ялагчид тэмцээний олон улсын шатанд улсаа төлөөлж байгаа аж.


Энэ удаад ОХУ-ын нутаг дэвсгэрт 15 тэмцээн болно. Тухайлбал, Москва мужид танкчдын “Танкийн биатлон”, цэргийн тогооч нарын “Хээрийн гал тогоо”, цэргийн цагдаа нарын “Эмх журам сахиулагчид”, аврах анги нэгтгэлүүдийн “Ослын бүс” болон цэргийн нохой сургагчдын “Үнэнч нөхөр” тэмцээнийг зохион байгуулах бол Калининград мужид “Тэнгисийн явган цэрэг” тэмцээн болно.


 


Холбоотой мэдээ