Кашмирын асуудлыг зохицуулахад туслахыг Д.Трампаас хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-05 13:38:11

ИСЛАМАБАД. /TASS/. Жамму ба Кашмир мужийн асуудлаарх Энэтхэг, Пакистаны маргааныг шийдвэрлэхэд туслахыг Пакистаны Ерөнхий сайд Имран Хан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хүсжээ.


“Кашмирын эргэн тойронд үүссэн асуудлыг шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг Ерөнхийлөгч Трамп санал болгосон. Энэтхэгийн түрэмгийлэгчдийн ээлжит үйлдлийн улмаас Энэтхэг-Пакистаны тусгаарлах шугамын байдал дордож байгаатай холбоотойгоор АНУ зуучлагч хийх цаг нь болсон” гэж тэрбээр твиттер хуудсандаа ням гарагт бичжээ. Одоогийн нөхцөл байдал бүс нутгийг хямралд оруулж болзошгүй гэж Хан онцлон дурдсан байна.


Кашмирт буудалцаан болсны улмаас Энэтхэгийн армийн нэг цэрэг, Пакистаны Зэвсэгт хүчний цэргийн хоёр албан хаагч амь үрэгдсэн гэж телевизийн “NDTV” суваг долдугаар сарын 30-нд Энэтхэгийн Зэвсэгт хүчний мэдэгдлээс иш татан уламжилжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг долдугаар сард Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой урьд нь Кашмирын асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдсэн байна. Трампын хэлснээр, Моди түүнээс Кашмирын асуудлаарх Энэтхэг, Пакистаны маргаанд зуучлагч эсвэл маргааныг таслан шийдэгчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаа эсэхийг асуужээ. Америкийн удирдагч үүнийг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Кашмирын асуудлыг зохицуулахад зуучлагч хийх хүсэлтийг Моди АНУ-ын Ерөнхийлөгчид тавьсан гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам удалгүй мэдээлжээ.


Эртний Кашмирын вант улсын газар нутаг нь 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олж авсан үеэс хойш Энэтхэг, Пакистаны маргааны сэдэв болсоор ирсэн юм. Одоогоор энэ бүс нутагт улсын хил гэж байхгүй. Энэтхэгийн хэсэгт тус улсаас салан тусгаарлахыг дэмжигч бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Террористуудад дэмжлэг үзүүлж байна гэж Энэтхэгийн эрх баригчид Исламабадыг байнга буруутгадаг бол Пакистаны эрх баригчид үүнийг няцаасаар байгаа юм.

Холбоотой мэдээ