Хэрлэн голд живсэн хоёр иргэнийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-05 16:51:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар Хэрлэн голд иргэн живсэн гэх хоёр дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. 


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, усны ослын дээрх хоёр дуудлага байгаа аж. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэг дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар зугаалж явсан дөрвөн хүний нэг нь Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу ослын газарт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. Энэ сарын 4-ний байдлаар, осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийгээд байна.


Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэх газарт тус сумын харьяат, 48 настай иргэн энэ сарын 4-ний 12.15 цагийн орчимд ногоо усалдаг усалгааны системийн хоолойг Хэрлэн голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын дээрх тооны бүрэлдэхүүн ослын газарт ажиллаж байна. Тэд иргэний осолдсон газраас зүүн зүгт 5 км-т Хэрлэн гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийгээд байна. 


Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт 72 усны ослын тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь эрсэдсэн байна. Үүний 55 нь том хүн, ес нь хүүхэд байжээ.  

Холбоотой мэдээ