Налайхын замыг нээсэн ч зорчиход хүндрэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх-Улаанбаатар чиглэлийн түр замын зорчих хөдөлгөөнийг нээсэн ч бороо үргэлжлэн орж, зорчиход хүндрэлтэй байна.
Өчигдрөөс нийслэлд их хэмжээний аадар бороо орсны улмаас хот хоорондын зарим зам зорчиход хүндрэлтэй болоод байна. Тухайлбал, Налайхаас Улаанбаатар буюу хуучин Баянзүрхийн товчоо чиглэлийн түр зам бороонд эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул өчигдөр оройн 21.00 цагийн орчимд тодорхойгүй хугацаагаар хаасан. Өнөөдөр өглөөний 06.00 цагт тус чиглэлийн түр замын хөдөлгөөнийг нээсэн ч ус, шавар ихтэй байна.
Бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан тус замаар зорчиход хүндрэл учирч болзошгүй тул Налайх-Төв аймгийн Зуунмод- Улаанбаатар чиглэлийн замыг сонгон зорчихыг зөвлөж байна.