Торгууд дээлийн суга, ханцуй уужим, хормой урт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-06 13:26:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна.

Үндэсний уламжлалт ахуй соёл, зан заншлаараа өвөрмөц онцлогтой “Торгууд” угсаатны хувцас хэрэглэлийн талаар танилцуулж байна.

Торгууд бол Монголын Их гүрний бүрэлдэхүүнд  эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай бөгөөд хожмын Дөрвөн ойрадын улсын нэгэн аймаг юм. Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг. Торгууд эрчүүд халван хэмээх малгай өмсдөг байсан нь өдгөө ардын дуу бүжгэндээ хэрэглэх болсон байна. Өвөл нь ихэвчлэн орой дээрээ сампин, цацагтай, өмссөн хүний бүсэлхий хүртэл унжсан урт залаатай, эрүүвчтэй туувь малгай өмсдөг байжээ.

Хүйтний улиралд хүүхдэд хурган дотортой дөрвөлжин малгай өмсгөн түүнийг жатаг хэмээн нэрлэдэг байв. Торгууд эмэгтэйн тоорцог малгай  шүр, сувдаар хийсэн үлэмж гоё хээ чимэгтэй. Тоорцогны гоёл нь их утга учиртай.

Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч өглөг буяныг хураагч хүссэн бүхнийг бүтээгч норво эрдэнийг мөнгөөр үйлдэн хадаж, түүний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон  хээ  нь угтаа баян гэсэн утгатай  үг бөгөөд монгол түмний дунд өгөөмөр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ.

Торгууд дээлийн суга, ханцуй уужим, хормой урт. Зарим нь дан хурган дотортой, ангийн  үсээр энгэр, зах, ханцуйг  эмжсэн дээл өмсдөг байв. Өвлийн ид хүйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бөгөөд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар даардаггүй.

Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бүрт нэг товч хадах бөгөөд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хүн ханцуйгүй урт цэгдэг  хийж,  дан тэрлэгийн хамт хадмын дэргэд үргэлж өмсдөг аж.

Торгууд эрэгтэй, эмэгтэй хүний гутал (госон) нь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй.

Торгууд нарын өмсдөг байсан нэг  гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран түрийтэй. Хоншоор нь өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж, хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон байдаг аж.  


Холбоотой мэдээ