“Шихихутаг-Их засаг” цогцолборын шав тавилаа

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 18:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн "Уран дөш" хайрханы энгэрт барих болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа.



Уран дөш уул нь  төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг цогцолборын скиз зураг, загварыг аргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм. Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм. 



Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг суманд түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.


Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил мөн эхлээд байна. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан. Мөн Дадал сумын Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд  Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.

Холбоотой мэдээ