Таван түмэн сарлагийн баяр боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-08 12:38:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Бат-Өлзий суманд таван түмэн сарлагийн баяр боллоо. Өндөр хясаа хэмээх газарт 11 дэх жилдээ болсон сарлагийн баяраар сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох, уралдуулах болон сайхан сарлагтай хосыг шалгаруулж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Мөн сарлагийг уналга, ачлагад ашиглах монгол уламжлалыг  оролцогчдод харуулдаг.

Аялал жуулчлалыг татах энэхүү арга хэмжээг дотоод, гадаадын аялагчид үзэж сонирхдог бөгөөд энэ жил нутгийн иргэдээс гадна 500 гаруй гадны жуулчин ирсэн байна.

Тиймээс сарлаг, түүний ашиг шим, бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчилж, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн өрхийн орлогыг өсгөхөд ихээхэн дэмжлэг болдог аж.

Түүнчлэн тоо толгой нь цөөрч буй сарлагийн үнэлэмжийг нэмэгдүүлж, өсгөн үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах зорилго бий аж. Бат-Өлзий сум энэ жил 300 мянга гаруй толгой мал тоолуулснаас 50 мянга нь сарлаг. 

Холбоотой мэдээ