ОХУ-ын Төрийн Думын гишүүн Увс аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 05-наас 07-нд Увс аймагт ажлын айлчлал хийлээ.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ОХУ-ын төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан аймаг орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт, хөгжил дэвшил, онцлог зүйлсийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцов.
Талууд мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, халимаг үржлийн малыг нутагшуулах төслийг хэрэгжүүлэх, цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан бөгөөд Засаг дарга Д.Батсайхан “Увсын чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг санал болголоо.
ОХУ-ын төрийн Думын гишүүн айлчлалынхаа хүрээнд Увс аймгийн Баруунтуруун сум дахь газар тариалан эрхлэлт болон Тариалан сум дахь Хартолгойн усжуулалтын системийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна төлөөлөгчдийн хамт Түргэн сумын "Оршин Тогтнохуй" жуулчны баазад болсон “Ойрад Түмэн-2019" олон улсын язгуур соёл, урлагийн их наадамд урилгаар оролцов.