Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-08 13:06:59

КИЕВ. /Ukrinform/. Турк улсад албан ёсны айлчлал хийж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийжээ. Укринформ агентлагийн мэдээлснээр, хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ Хар тэнгист хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах болон Оросуудад баривчлагдсан Украины далайчдыг суллах асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. 


“Хар тэнгист хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхэд бид олон цаг зарцууллаа. Энэ бол манай хоёр улсын хувьд ачаа тээвэр, эдийн засгийн үйл ажиллагаа, тээврийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухайд маш чухал асуудал юм. Бид зөвхөн энэ асуудлыг төдийгүй манай далайчдыг суллах асуудлыг хэлэлцсэн” гэж Владимир Зеленский Туркийн Ерөнхийлөгчтэй хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн эзлэгдсэн Крымийг цэрэгжүүлэх аюул, тус хойгт хүний эрхийг зөрчиж байгаа болон Крымийн татаруудыг хавчиж буй асуудлыг хэлэлцлээ гэж Украины Ерөнхийлөгч онцлон дурджээ.


“Хоёр улсын хамтын хүчин чармайлтаар бид Хар тэнгисийн бүс нутаг болон Крымийн байдлыг өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, “Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэснийг Турк улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй”, бид мөн Крымийн татаруудын эрхийг хамгаалсаар байх болно гэжээ.


Туркийн Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Крымийн парламентын гишүүн Владислав Ганжара мэдэгдэл хийсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Хэрэв Турк улс Москватай стратегийн түншлэлийн харилцаа тогтоохын хүсэж байгаа бол Крым нь ОХУ-ын салшгүй нэг хэсэг гэдгийг ухамсарлаж, энэ асуудлаар өөр тайлбар хийх хэрэггүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ