Ж.Батзандан: Би Б.Хурц нарын шүүх хуралд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны гишүүд энэ сарын 12-нд болох Б.Хурц нарын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор болжээ.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар мэдээлэв.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан, "С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж буй бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд үзүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон Б.Хурц нарын 9 хүний шүүх хурал Төв аймгийн шүүхэд болох юм. Шүүх хуралд миний бие оролцоно. Эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр сууриндаа Түр хороо хатуу зогсож байгаа. Олон Улсын парламентын холбоо, тус холбооны гишүүд ч санал нэг байгаа. Мөн УИХ-ын таван гишүүн нэгдэж, томоохон 23 хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт хүргүүлсэн. Үүнээс 13 нь шүүхэд шилжсэн байна. Монголын шүүх, хараат бусаар, шударга ажиллаж чадах эсэхийг харах үлдлээ. Эдгээр хэргийн шүүх хурлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтийг Улсын дээд шүүхийн дээд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэлээ.
Дашрамд дурдахад С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 24-нд болох байсан ч Б.Хурц нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаны улмаас түр хойшлоод буй юм.