Тэвшинд тээвэрлэж явсан хүүхэд унаж, амиа алджээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-08-12 10:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 458 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 10 хүн бэртсэний нэг нь хүүхэд байсан бол орон нутагт нэг хүүхдийн амь хохирчээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал, энэ сарын 10-ны 20.30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн “Бага зос” гэх газар, шороон замд "Kia Bongo" автомашин нь 12 настай эмэгтэй хүүхдийг тэвшиндээ тээвэрлэж явахдаа унагаж амь насыг нь хохироосон байна. 


Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон хоёр явган зорчигч бэртсэн бол, согтуугаар жолоо барьсан нэг жолооч осол гаргаж гэмтжээ. Эдгээр өдрүүдэд замын цагдаа нар шалгалтаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ