Г.Билгүүн: Допинг илэрсэн хоёр бөх "В" шинжилгээнд орох хүсэлт гаргах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 15:13:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн тухай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэв.


2003 онд баталсан Үндэсний их баяр наадам зохион байгуулах тухай хуульд зааснаар, шөвгийн 16-д үлдсэн бөхөөс заавал сэргээшийн шинжилгээ авдаг байхаар зохицуулжээ. Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах комисс тав буюу түүнээс дээш давж шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөхийн барилдаан дууссаны дараа 30 минутын дотор сэрээшийн шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү шинжилгээг Олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн салбар хороо хамтран авжээ. 


Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн хэлэхдээ, “Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрсөн 32 лаборатори байдаг. Тэдгээрийн нэг буюу БНСУ-ын лабораторид шинжилгээгээ явуулсан. Допингийн эсрэг үндэсний төвд шинжилгээний хариуг энэ сарын 5-нд ирүүлсэн байна. Нийт 16 бөхийн 14-өөс нь сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна. Допингийн эсрэг үндэсний төвийн албан бичгийг бид энэ сарын 8-нд хүлээн авсан. Авсан өдөртөө багтаагаад шинжилгээний хариуг бөхчүүдэд мэдэгдсэн. Бодис илэрсэн хоёр бөхийн утас холбогдоогүй. Тиймээс мессеж бичиж үлдээгээд, маргааш нь салбар хорооны албан бичгийг хүргүүлсэн.  Тэдний нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь өчигдөр ирж, шинжилгээний хариутайгаа танилцсан. Баяр наадам зохион байгуулах комиссын баталсан журмын дагуу сэргээшийн бодис илэрснээс хойш 10 хоногийн дотор “B” сорьцийн шинжилгээ өгөх эсэхээ шийдэж, хүсэлтээ бичгээр мэдэгдэх боломжтой. Одоогоор тэр хоёр бөх хүсэлт гаргаагүй байна. Дэлхийн допингийн эсрэг олон улсын дүрмийн дагуу хувийн нууцыг хамгаалах журам гэж бий. Мөн дээрх баяр наадам зохион байгуулах комиссын журмын дагуу “В” шинжилгээний хариу гарах хүртэл тэдгээр бөхийн нэрийг зарлах боломжгүй юм. Тухайн бөх “В” шинжилгээнд орох хүсэлтээ энэ сарын 8-наас эхэлж тоолоод, 10 хоногийн дотор гаргаж өгөх, эсвэл өөрөө сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, шинжилгээнд хамрагдахаас татгалзаж болно” хэмээв. 

Холбоотой мэдээ