Бүрд сум шинэ Соёлын төвтэй боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-12 15:14:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Бүрд сум орчин үеийн стандартад нийцсэн Соёлын төвтэй боллоо. Улсын төсвийн 960 сая төгрөгийн өртгөөр баригдсан Соёлын төвийг энэ сарын эхэнд ашиглалтад оруулж нээлтээ хийсэн байна.

Тайз, дуу чимээ тусгаарлах аккустик хавтан бүхий доторлогоотой ханатай, 250 гаруй суудалтай үзвэрийн танхим, бүжгийн заал, номын сан зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн ба УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг ёочин, ятга, шанз, морин хуур бэлэглэжээ.

Соёлын төвийн нээлтийн тоглолтод МУГЖ А.Бүтэд, МУГЖ Ч.Туул, сонгодог урлагаар дэлхийд нэрээ гаргаад буй, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр, ОХУ-ын БНБУ-ын Ардын жүжигчин Д.Долгормаа нар оролцож дуун мялаалга өргөлөө.

Сумын хуучин Соёлын төв 1956 онд баригдсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул иргэдэд соёл урлагаар үйлчлэх боломж хомс байжээ. Мөн хөдөөгийн иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ жил Бат-Өлзий, Тарагт суманд Соёлын төвийг шинээр барьж ашиглалтад оруулсан бол Бүрд, Гучин-Ус, Хархорин, Баянгол суманд шинэ Соёлын төв барих хөрөнгийг улсын төсөвт суулгажээ. 

 

Холбоотой мэдээ