Б.Хурц нарын шүүх хуралд УИХ-ын Түр хорооны даргыг оролцуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралд УИХ-ын Түр хорооны даргаас ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль зөрчих үндэслэл болох тул хүлээн авах боломжгүй тухай Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлжээ.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ялласан гэх хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шүүх хурал Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлж, одоог хүртэл үргэлжилж байна.
Тус шүүх хуралд С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ажиглагчаар оролцох хүсэлт гаргасныг тус шүүх хүлээн авах боломжгүй тухай дараах хуулийн тайлбар гаргажээ.
Тайлбар мэдээнд, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч гэж хэн бэ гэдгийг тодорхой хуульчилж заасан байгаа. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т "Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ" гэж хуульчилсан. Тухайн хэрэгт гэрч, хохирогч нараас хэнийг оролцуулахыг шийдвэрлэх асуудал биш хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн:
- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
- Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасныг зөрчих үндэслэл болно гэснийг зөрчих үндэслэл болно.
Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан. Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүний шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно" гэжээ.