Хүннүгийн булшны малтлагын 140 орчим үзмэр дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 18:10:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Хүннүгийн булшны малтлага судалгааны үр дүнд олдсон 40 дэсийн 140 орчим үзмэр бүхий үзэсгэлэнг тус сумын Соёлын төвд энэ сарын 8-нд нээжээ.


Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей болон Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжүүлж буй тус төслийг доктор, дэд профессор Г.Эрэгзэн удирдаж байгаа бөгөөд "Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал" үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл олны хүртээл болно.



Үзэсгэлэнд Хүннүгийн оршуулгын зан үйлийг харуулах нимгэн алтаар ханан хээ гарган, цэцгэн чимгээр чимэглэсэн модон авсны хана, авсны хүрэл бариул, нас барсан хүний сүнсийг хамгаалах зорилгоор дагалдуулсан гоёмсог хаш эдлэл зэрэг үзмэр багтжээ. Мөн модон бунханы дээр тавьсан ёслолын шүхэрт тэрэгний үзүүрийн хүрэл чимэг, тэрэгний булны таг болон ширмэн цөн, амгай, зуузай, дээсэн хазаар, хазаарын алт шармал хүрэл духавч, товруу, үзүүрийн чимэг, хүрэл хонх зэрэг адууны тоног хэрэглэл дэлгэсэн байна. Хүннү дайчдын зэр зэвсгийн зүйлээс төрөл бүрийн хэлбэртэй төмөр зэв, илд, хутганаас гадна төдийлөн түгээмэл олддоггүй нэгэн зүйл олдвор болох байлдааны зээтүүний үзүүрийн тоногийг үзэсгэлэндээ багтаажээ.



Төмөр тогоо, алт шармал хүрэл сав, шавар сав суулга, билүү чулуу, чийдсэн аяганы бариул болон хүрэл, ширэм, шавар зэрэг төрөл бүрийн эдээр хийсэн дэнгийн цөгцөөр төлөөлүүлэн ахуйн зориулалттай эд хэрэглэлийг харуулсан байна. Эрт үеэс эхлэн нүүдэлчид өөхөн дэн барьж байсныг баримтаар нотлосон чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн дэнгийн цөгцний нэгэнд хадгалагдан үлдсэн байсныг үзэгчдэд толилуулж байгаа нь сонирхол татах үзмэрийн тоонд зүй ёсоор багтах аж.

 


Хүннүчүүдийн хувцас, гутлын хадлага чимэг, хув тээг, бүсний арал, эврээр хийсэн үсний хатгуур, модон сам, болор, хув, мана, оюу, өнгөт болон алт гүйлгэсэн шилээр урласан төрөл бүрийн сувс, уран нарийн хийцтэй шувуу, үрлэн чимэгтэй алт хэлхэсэн сондор зэрэг нандин гоёл чимэглэл энэхүү үзэсгэлэнд оржээ.

Холбоотой мэдээ