Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 18:15:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын явцтай танилцлаа.


Энэ сарын 10-ны байдлаар нийслэлиын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.  



Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид үргэлжилж байна.


Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын ажлаар 412 ажил төлөвлөсөн байна.  Энэ сарын 10-ний байдлаар, 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илүү гүйцэтгэл аж.



Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг сануулав. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.


1959 онд байгуулсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3163 хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 54 компанийн 10.5 мянган барилгын халаалт, хэрэгцээний халуун усны хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажилладаг. Мөн “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил өрнөж байгаа юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн долоо дугаар хороо, Хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.


“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж байна.  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил өрнүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 69 хувьтай байна.


“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар,  Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.


“ДЦС-3” ТӨХК өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-ийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ гүйцэтгэж, Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл ТЭЗҮ-г дэмжжээ.


“Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугмыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалагаар, 2012 онд барьж эхэлсэн. “Их тойрог” төслийн 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн “Зайсан-Сонгино” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр тус тус “ЭХБУТ” ХХК ажиллаж байна.

Холбоотой мэдээ