Эверестэд авирагчид шинэ дүрэм мөрдөж эхэлнэ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-08-15 10:53:06

КАТМАНДУ. /The Guardian/. Эверестийн оргилд гарах хүсэлтэй бүх авирагч урьд нь ууланд авирч байсан туршлагаа нотлох шаардлагатай болсон талаар Балбын Засгийн газрын Дээд комисс мэдээлжээ.


Дээд комиссын зөвлөмжид дурдсанаар, Эверестийн оргилд Балбын талаас гарах зөвшөөрөл хүсэгчид наад зах нь 6500 метрийн өндөрт авирсан туршлагатай байх шаардлагатай ажээ. Мөн тэд биеийн хүчний бэлтгэлийн гэрчилгээ авж, туршлагатай хөтөчийн хамт авирах ёстой гэнэ.


Энэ оны тавдугаар сард Эверест ууланд ойролцоогоор 11 хүн амиа алдах эсвэл сураггүй болсон билээ. Тэдгээр иргэний 9 нь Эверестийн оргил руу Балбын талаас, 2 нь Төвөдийн талаас авирахыг оролдож байжээ. Түүнчлэн амиа алдагсдын 4 нь оргилд гарах чиглэлд үүссэн урт дарааллын улмаас нас барсан байна.


“Бид цаашид эдгээр шаардлагыг хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт болгон оруулж, уулчдын аюулгүй байдлыг сайтар хангана” гэж Балбын Аялал жуулчлалын сайд Йогеш Бхаттари сэтгүүлчдэд мэдээлжээ. Ташрамд дурдахад, Балбын Засгийн газар энэ улиралд урьд өмнө байгаагүй хамгийн олон буюу 384 зөвшөөрлийг уулчдад олгожээ. 

Холбоотой мэдээ