Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-08-18 12:27:57

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун баасан гарагийн өглөө шинэ зэвсгийг харвах туршилтыг дахин удирдан явуулсан талаар “KCNA” агентлаг бямба гарагт мэдээлжээ.


Пёньян өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойш нийт зургаан удаа туршилт явуулсан юм. БНАСАУ-ын хойд нутгийн Ганвон мужийн Тончеон тойргоос баасан гарагийн өглөөний 8 цагийн орчимд хоёр пуужин харвасан талаар БНСУ мэдээлснээс нэг хоногийн дараа дээрх мэдээ гарсан байна.


Солонгосын Ажилчны намын тэргүүн Ким Жөн Ун богино хугацаанд маш сайн үр дүн үзүүлсэн зэвсэг бүтээсэн мэргэжилтнүүдийг сайшаасан гэж “KCNA” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэсэн хэдий ч ямар төрлийн шинэ зэвсэг туршсан талаар мэдээлээгүй ажээ. 


Өнгөрсөн сарын сүүлээс хойш БНАСАУ-ын засаг захиргаа АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг зогсоох шахалт үзүүлэхийн тулд шинэ зэвсгүүдийн туршилтаа үргэлжлүүлэн явуулж эхэлсэн юм. Пёньян уг сургуулиудыг довтолгооны бэлтгэл хэмээн шүүмжилсээр ирсэн бөгөөд “KCNA” агентлагийн бямба гарагийн мэдээнд АНУ, БНСУ-ын нэрийг дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ