Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-20 13:07:02

ЖЕНЕВ. /Xinhua/. Өнгөрсөн онд хүмүүнлэгийн тусламжийн ажилтнуудын эсрэг хүчирхийлэл газар авж хохирогчдын тоо 405 хүрсэн нь сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар НҮБ даваа гарагт мэдээлжээ. 


Жил бүрийн наймдугаар сарын 19-нд тохиодог Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын төлөөлөгч Урсула Мюллер өчигдөр товч мэдээлэл хийсэн байна. 2018 онд хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн 35 оронд 405 ажилтан хохирсныг өнгөрсөн оны үзүүлэлтүүдтэй харьцуулахад хоёрт бичигдэх хэмжээнд хүрчээ. Тэдгээр ажилтнаас 131 нь амиа алдаж, 144 нь шархдаж, 130 нь хулгайлагдсан байна. 


Түүнчлэн 2019 он гарсаар 156 хүмүүнлэгийн тусламжийн ажилтан үүрэгт ажлаа гүйцэтгэх үеэрээ ямар нэг халдлагад өртсөнөөс 57 нь амиа алдаж, 59 нь шархдаж, 40 нь хулгайлагдсан байна. Гэсэн хэдий ч эдгээр эрсдлийг үл харгалзан хагас сая мэргэшсэн хүмүүнлэгийн ажилтан олон арван сая хүний амийг аврах, амьжиргааг сайжруулахын төлөө ажилласаар байгааг У.Мюллер онцолжээ. 


2003 оны наймдугаар сарын 19-нд НҮБ-ын Ирак дахь тусламжийн газарт тэсрэх бөмбөг дэлбэлж, олон хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулан уг өдрийг Дэлхийн хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд гаргасан юм. Багдад хотод болсон уг халдлагын улмаас НҮБ-ын 22 ажилтан амиа алдсан билээ. Тэр цагаас хойш 4500 гаруй хүмүүнлэгийн тусламжийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа амиа алдах, шархдах, саатуулагдах эсвэл хулгайлагдсан гэж НҮБ-ын тайланд тэмдэглэсэн байна.   

Холбоотой мэдээ