Д.Тогтохсүрэн: АН-ын зөвлөлийн 17 саналаар зөвшилцөж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 15:08:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Тус хурлаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар санал болгоод буй УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулав.


-УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын зөвлөлтэй зөвшилцөх ажил хэр ахицтай байна вэ?

-МАН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцөх ажлаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу зөвшилцөх хэлэлцүүлэг өрнөж байна. Өчигдөр АН-ын зөвлөлөөс албан ёсоор 25 санал ирүүлсэн. Үүнээс 17 саналыг нь одоо хэлэлцэж буй УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд хөндсөн асуудал гэж үзээд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой гэж шийдвэрлэсэн. Харин найман санал нь огт өргөн бариагүй асуудал байгаа тул хэлэлцэх боломжгүй юм. Мөн манай бүлгээс АН-ын зөвлөлтэй зөвшилцөх хүрээнд дахин хэд хэдэн асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэх хүсэлт тавиад байна. Энэ дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, гарсан шийдвэрийг нь МАН-ын бүлэг хэлэлцээд завсарлана. Үүний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажил үргэлжлэх юм. Зөвшилцөх ажлыг өнөөдөртөө багтааж цэгцэлнэ. 


-АН-ын зөвлөлөөс гаргасан ямар саналыг хүлээн аваагүй вэ?

-УИХ дахь АН-ын зөвлөлөөс байгалийн баялаг ард нийтийн өмч байна гэдэг асуудлаар, мөн УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх парламентын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг дэмжсэн олон санал өгсөн. Тэдгээрийг санал нь одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хөндөгдсөн санал байгаа тул хүлээн авсан. Харин хүлээн авахад хүндрэлтэй, хөндөх боломжгүй хэд хэдэн санал бий. Тухайлбал, парламентаас Ерөнхийлөгчийг сонгохтой холбоотой асуудал, олон улсын шүүх байгуулах зэргийг хөндөх боломжгүй гэж үзсэн. 


-Сонгуулийн тогтолцооны асуудлаар зөвшилцсөн үү?

-Сонгуулийн тогтолцооны хувьд АН-ын зөвлөлөөс холимог тогтолцоог нэвтрүүлэх санал илэрхийлээд байна. Энэ тал дээр хоёр талаас хэлэлцэж байна. 


-АН-ын зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой санал гаргасан. Энэ асуудлаар хэрхэн зөвшилцсөн бэ?

- АН-ын зөвлөлөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болгох санал гаргасан. Өмнө нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан, одоо хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулан ажлын баг болон ТББХ-гоор энэ асуудлийг шийдвэрлэсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүнийг хууль зөрчсөн үед эргүүлэн татдаг болгох санал тусгасан байгаа. Тиймээс энэ санал төсөлд тусгагдсан гэж үзээд, хэлэлцээгүй. 


-МАН-ын бүлэг АН-ын зөвлөлийн ямар байр суурьтай санал нийлэхгүй байна вэ?

-Гурав, дөрвөн асуудал байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэх, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал, намын гишүүнчлэлийн тоог нэмэх зэрэг асуудал дээр одоо зөвшилцөх ажил үргэлжилнэ.


-Шүүх тогтолцоог сайжруулах асуудлаар АН-ын зөвлөлтэй байр сууриа нэгтгэсэн үү?

-Шүүхтэй холбоотой асуудлаар мөн л эцсийн шийд гараагүй, хэлэлцэх түвшинд байна. 


-АН-ын зөвлөлтэй зөвшилцсөний дараа УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулсан Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын багтай дахиж зөвшилцөх  шаардлага үүсэх байх?

-Тийм. МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл зөвшилцсөний дараа Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын баг дахин хуралдана. Дараа нь бүлэг, зөвлөл дахин хуралдаад, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг хуралдаж, Байнгын хороогоор хэлэлцэхэд бэлэн болох юм. 


-Энэ долоо хоногтоо багтаж зөвшилцөөд, Байнгын хороогоор оруулаад, чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Энэ долоо хоногийн пүрэв гарагаас Байнгын хороонд оруулах санаатай байна. 


-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг судалсан ажлын багийн дүгнэлтийг өнгөрсөн чуулганы үеэр хэлэлцэж байсан. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа УИХ-аас Ард нийтийн санал явуулах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ Ард нийтийн санал асуулга явуулах бол Таны хэлсэн Оюутолгойн асуудлыг чуулганаар хэлэлцэх хуулийн боломж нээгдэнэ. Харин гуравдугаар хэлэлцүүлэг эхэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс өөр асуудал хэлэлцэж болохгүй тул хойшилно гэсэн үг.

Холбоотой мэдээ