Улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээг 1.2 сая га-гаар нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Хөвсгөл нуурын эрэг орчмыг Эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зэрэг тогтоолын төсөл баталжээ. Мөн хууль зөрчсөн 19 ААН-ийн 23 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэв.
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХЭМЖЭЭГ 1.2 САЯ ГА-ГААР НЭМНЭ
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг төсөл батлагдсанаар, нийт зургаан аймгийн 13 сумыг хамарч байгаа улсын тусгай хамгаалалтад авсан нутгийн хэмжээ 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 32.8 сая га газар улсын тусгай хамгаалалтад орж байгаа тухай салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Тодруулбал, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөх, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар бүртгэнэ. Мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эх зэрэг газрыг байгалийн цогцолбор газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм. Түүнчлэн, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг хамруулжээ.
Харин Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөхөөр болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх-Хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авахаар тогтоолыг төсөлд тусгажээ. Үүнээс гадна тогтоолын төсөлд Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлсөн байна.
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫГ ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО
Мөн хуралдаанаар, Хөвсгөл нуурын эрэг орчмыг Эко аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсан байна. Ингэснээр, Хөвсгөл нуурын эрэг орчмын хэсгээр аялал жуулчлалын чиглэлээр дахин газар олгохгүй байх, тухайн бүс нутгийг хөгжүүлэх үүднээс АХБ, улсын төсөв болон орон нутгийн хөрөнгөөр цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН 19 ААН-ИЙН 23 АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ
Засгийн газрын хуралдаанаар, байгаль, экологид сөргөөр нөлөөлж буй 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдлаа. Ноднин хоёрдугаар сарын 2-нд тэрбээр албан бичиг гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч 202 ААН-д хүргүүлжээ. Энэхүү бичгээр уул уурхайн ажил эрхлэхдээ хууль зөрчихгүй байх, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах бөгөөд хууль биелүүлээгүй ААН-д хатуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна. Шалгалтаар, хууль зөрчсөн, хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг ийнхүү цуцалсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Монгол газар” компанийн эзэмшдэг 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тэдгээр ААН-ийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандаж, шалгуулна гэж салбарын сайд онцлов.