"Жуулчны мэдээллийн төв"-өөр 2000 орчим хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-21 12:37:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Германы техникийн хамтын ажиллагааны GIZ-ын ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгээр Баянхонгор аймгийн төв, Баганат талбайд "Жуулчны мэдээллийн төв"-ийг байгуулаад нэг сар шахам болж буй. Тус төвөөр дамжуулан аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээллийг дотоод, гадаадын жуулчдад ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор орон нутгаа сурталчлан ажиллаж байгаа аж.

Мөн хугацаанд тус төв "Дотоод, гадаадын 2000 орчим хүнд мэдээлэл хүргэсэн байна. Иргэдэд ойр, илүү нээлттэй ийм төвийн эрэлт хэрэгцээ их байсныг богино хугацаанд олон хүн үйлчлүүлээд байгаа тооноос харж болохоор байна" гэдгийг ГХАЖА-ны ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан ярив.

Мэдээллийн төвөөс Баянхонгор аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээлэл /брошур, танилцуулга, ном, гэрэл зургийн цомог гэх мэт/, аялал жуулчлалын нөөц газруудын уран зураг, гэрэл зураг, орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйл, аялал жуулчлалын нөөц газрууд, аяллуудын видео танилцуулга, аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн сантай танилцах боломжтой юм байна.

"Жуулчдын мэдээллийн төв"-ийн үйл ажиллагаа ийнхүү тогтмол үргэлжлэх бөгөөд урин дулааны улирал буюу жил бүрийн 5-10 дугаар сард ажиллаж байх аж. 

Холбоотой мэдээ