“D” амин дэмтэй гурил хүний биед тустай юу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-08-21 12:25:01

ЛОНДОН. /BBC/. D” амин дэм агуулсан гурилыг хүнсэндээ хэрэглэснээр ядралтыг бууруулж, булчин өвдөхийг намдаагаад зогсохгүй зүрхний дутагдалд сайнаар нөлөөлдөг болохыг Их Британийн эрдэмтэд шинэ судалгаагаар тогтоожээ.


Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор Их Британичууд 10 дугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд “нарны амин дэм”-ийг хангалттай хэмжээгээр авж чаддаггүй бөгөөд энэхүү амин дэм нь ясны ургалт, бэхжилтэд чухал нөлөө үзүүлдэг ажээ.


Судлаачдын үзэж буйгаар, буудайн гурилд “D” амин дэмийг нэмэлтээр оруулснаар ирэх 90 жилийн хугацаанд Англи, Уэльст бүртгэгдэж болзошгүй 10 сая гаруй амин дэмийн дутагдлыг зогсоох боломжтой аж. "Их Британийн насанд хүрсэн таван иргэн тутмын нэг нь “D” амин дэмийн дутагдалтай байна" гэж Бирмингемийн их сургуулийн судалгаанд дурджээ.


Нарнаас хамгаалах тос, агаарын бохирдол болон биеийн хэсгээ ил гаргахгүйгээр битүү хувцаслах зэрэг нь хүмүүсийг нарнаас “D” амин дэм авах боломжийг хязгаарлах болжээ. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын мэдээлснээр, намар, өвлийн улиралд хүн бүр “D” амин дэмийг нэмэлтээр уух шаардлагатай ажээ.


Хүний биед “нарны амин дэм” дутагдсанаар амархан ядрах, яс сийрэгжих, булчин өвдөх шинж тэмдэг илрэх бөгөөд даамжирсан тохиолдолд зүрхний дутагдалд хүргэдэг байна. 

Холбоотой мэдээ