Хичээлийн шинэ жилийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-21 12:51:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг улс орон даяар өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Тэгвэл уг ажил Сүхбаатар аймгийн хэмжээнд 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

БСШУС-ын дэд сайдын баталсан, хичээлийн жилийн бэлтгэлийг хангах ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар аймгийн сургууль цэцэрлэгүүд ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн урсгал засваруудыг хийсэн. Одоо ганц нэг сургуулийн ажил хүлээгдэж байна. Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудал хүнд байгаа ч бүгд өөр өөрсдийн хэмжээнд хүүхдүүдийнхээ сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн багшийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг эдгээр өдрүүдэд явуулж, шинэ боловсон хүчнээ хүлээн авч байна.

Энэ хичээлийн жилээс хүүхдүүд түрээсийн сурах бичиг ашиглана. Дунд, ахлах ангийн зарим сурах бичиг дутагдалтай байгаа ч нөхөж ирэх байх гэж найдаж байгаа. Бага ангийн хүүхдүүд сурах бичгээ 100 хувь сургуулийнхаа номын сангаас авна.

Сүхбаатар аймгийн хувьд энэ хичээлийн жилийн гол онцлог нь анх удаа түүхэндээ 12400 хүүхэд суралцахаар болж байна. Нэгдүгээр ангид 1400 гаруй хүүхэд шинээр элсэж орно. Хүүхдүүдийн тоо ийнхүү эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургуулийн тоо, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Сургуулиудын ачаалал нэмэгдэж байна. Ирэх жил гурван сургууль шинээр ашиглалтад орно. Ингэхээр энэ ачаалал буурах боломжтой.

Харин цэцэрлэгт 5000 гаруй хүүхэд хүлээн авна. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээ бүртгэж, хувилбарт сургалтад хамруулахаар ажиллаж байна. Энэ жил Түвшинширээ суманд 200 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Ирэх жил дахин дөрвөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Ингэхээр аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалтыг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ