Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэлээ.
Энэ чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамрагдах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болгов.
Жуулчин хүлээж авах өнөөгийн ор, хоногийн даацыг тооцвол манай улс өдөрт 72 мянган жуулчин хүлээн авдаг. Бүрэн нөөц боломжоороо ажиллавал зуны гурван сард 1.6 сая жуулчин хүлээж авах боломжтой аж. Гэсэн ч сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд ирж буй жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д 136 орноос Монгол Улсыг 102-т эрэмбэлжээ.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг нь тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, бус нутаг бүрт аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх юм.
Товч мэдээ:
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Дээрх чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийн хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоол байдаг аж. Энэ дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад шаардах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг ЗТХ-ийн сайдад даалгав.
- Мөн Аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгамдаад байгаа асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төв аймгийн Сэргэлэн сум болон нийслэлийн Багануур дүүрэг дэх хоёр байршилд аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих шаардлага хангасан газар гэж үзжээ. Гэвч орон нутгийн удирдлага дэмжихгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.