Баянхонгор Хайрхан уулыг дурсгалт газрын ангилалд бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-21 21:09:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Хуралдаанаар Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор Хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар бүртгэх тогтоол гарсан байна.

Баянхонгор хайрхан нь Баянхонгор аймгийн Галуут сумын өвөрт байдаг тахилгат уул. Элс нь тодорсон энэхүү хайрханыг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн бөгөөд Баянхонгор аймгийг анх энэ уулын өвөрт 1923 онд байгуулж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Баянхонгор хайрхан уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Мөн хуралдаанаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан-Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур, Бумбат орчмын нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус авсан байна.

Холбоотой мэдээ