Киргизийн хөлбөмбөгийн шигшээ баг 10-р сард ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-22 15:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн хөлбөмбөгийн шигшээ баг Монголын шигшээ багтай ДАШТ, Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 15-нд ирнэ.


Киргизийн шигшээ багийн ур чадвар асар хурдацтай урагшилж долоон жилийн дотор дэлхийн чансаагаа 100 байраар ахиулж чаджээ. Өдгөө Киргизийн шигшээ баг “F” хэсэг дэх шилдгүүдийн нэг бөгөөд Японы шигшээ багийн хамтаар дараагийн шатанд шалгарах хамгийн өндөр магадлалтай баг хэмээн үнэлэгдэж байгаа юм.


Тус баг 2012 онд дэлхийн чансааны 199-д байсан  бол 2019 онд 95-д эрэмбэлэгдэж байна. Энэ амжилтын нэг нууц нь Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин юм байна. Тэрбээр 2014 оноос Киргизийн шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд түүнээс хойш тус багийн дэлхийн чансаа жилээс жилд ахижээ.


Киргизийн баг 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгээс Энэтхэгийн багийн хамтаар шөвгийн 16-гийн эрх авсан.

Шилдэг 16 багийн дунд шийдвэрлэх шатанд АТАШТ-ийг зохион байгуулагч АНЭУ-тай таарч үндсэн цагт 2:2-оор тэнцэж, нэмэлт цагт торгуулийн цохилтоор гоол алдсанаар Азийн хамгийн нэр хүндтэй өрсөлдөөний талбарыг харамсалтайгаар орхисон юм.


Дашрамд сонирхуулахад, 2022 оны ДАШТ, 2023 оны АТАШТ-ий “F” хэсэгт багтсан Киргиз, Мьянмарын багууд дээр дурдсан 2019 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “А” хэсэгт учраа таарч хоёр тоглолт хийгээд амжсан. Эхний тоглолтдоо багууд 2:2-оор тэнцсэн бол хариу тулаанд Киргиз 5:1-ээр илүүрхжээ. Харин Монголын шигшээ баг 2017 онд “Цунами цом” нэртэй тэмцээнд Киргизтэй таарч тоглон 3:0-ээр хожигдсон юм.


Анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан Монголын шигшээ баг, Киргизийн шигшээ багтай 10 дугаар сарын 15-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч сорино. Биеийн хүч, хоёрдугаар давхрын тоглолтыг гол зэвсгээ болгож чадсан Киргизийн шигшээ багтай хийх тоглолт манай багт том туршлага болох юм.

Улаанбаатар хотноо болох АТАШТ-ий тоглолтуудын тасалбараа хэрхэн урьдчилж авах талаар МХБХ-ноос танилцуулж байна.


Та тасалбараа TICKET.mn-ээр захиалан урьдчилж авах боломжтой. Мөн 4 цэгээр худалдаж байна. Тасалбарын ангиллын хувьд, энгийн тасалбар - 10 000 төгрөг, энгийн багц тасалбар - 20 000 төгрөг- /2019.09.05, 2019.09.10-ны тоглолтуудыг үзэх багц тасалбар/

VIP тасалбар- 30 000 төгрөг /тухайн өдрөө авбал 50 000₮/, Багц VIP тасалбар /2019.09.05, 2019.09.10-ны тоглолтуудыг үзэх багц тасалбар/

Холбоотой мэдээ