Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-23 13:37:25

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шүүхийн тогтоолын хүчинтэй хугацааг тус онцгой бүсийн Дээд шүүх баасан гарагт тодорхойгүй хугацаагаар сунгалаа гэж радио, телевизийн “RTHK” компани мэдээлжээ.


Жагсагчид дэлхийн хамгийн ачаалалтай агаарын боомтын нэг болох Хонконгийн нисэх буудлын үйл ажиллагааг саатуулсны дараа буудлын захиргаанаас холбогдох тогтоолыг гаргуулахаар энэ сарын 13-нд шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэрийг наймдугаар сарын 14-ний өглөө хүлээж авсан юм. Шүүхээс нисэх буудлын зорчигчдын ирэх танхимын хамгийн алслагдсан хэсэгт тусгайлан гаргаж өгсөн хоёр бүсээс бусад газарт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.


Наймдугаар сарын 13-нд болсон хурлыг хаалттай явуулсан бол хоригийн тогтоолыг сунгах асуудлыг өнөөдөр нээлттэй хэлэлцжээ. Одоогийн байдлаар уг тогтоолын талаар шүүхэд хэн ч гомдол гаргаагүй байгаа аж. 


Хонконгт эсэргүүцлийн шинэ ажиллагаа болохын өмнө шүүхийн тогтоолыг сунгасан байна. Жагсагчид бямба гарагт эсэргүүцлийн томоохон ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Хонконгийн хэвлэлүүд мэдээлжээ.


Холбоотой мэдээ