Ахлах сургуулийн хөгжлийн хөтөлбөр батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Боловсрол соёлын газраас аймгийнхаа ахлах сургуулиудын 2016-2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж баталсан байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь сурагчид сонголттой, уян хатан хөтөлбөрөөр хичээллэх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий иргэн болж төлөвших, мэргэжлээ зөв сонгох, цаашлаад багш боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.
Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хэмжээнд 4-өөс доошгүй төрөлжсөн сургалттай ахлах сургууль, 8 ердийн ахлах сургуультай болох аж. Мөн сонгон гүнзгийрүүлэх хичээлийн 20-оос доошгүй хөтөлбөрийг тухайн чиглэлийн их дээд сургуулиудаар хүлээн зөвшөөрүүлж, их сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн кредит тооцуулах, 3-р түвшний диплом авсан суралцагч их сургуульд шууд элсэн орох боломжийг бүрдүүлэх юм.
Тэрчлэн төрөлжсөн ахлах сургуульд суралцаж буй суралцагч нь тухайн төрөлжсөн чиглэлээрээ гадаад, дотоодын их дээд сургуульд шууд элсэн орох, суралцаж буй хугацаандаа дотоодын болон олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд, сонгон шалгаруулалтанд оролцох боломжийг бүрдүүлэх, Ахлах сургуулиудын дотоод нөөц боломж, орон нутгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой аж.
Увс аймаг Б.Батхүү