Завханы сум бүр аяны хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-27 10:20:17

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймаг “Эко Завхан”, “Миний гоё сум” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг сүүлийн хоёр жилд эрчимтэй хийж байна. 2018 оны зургаадугаар сарын 18-30-ны өдрүүдэд “Бүтээн байгуулалт-14” эрчимжүүлсэн ажлын аяныг зарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд багагүй бүтээн байгуулалтыг хийжээ. Тэгвэл энэ жил “Бүтээн байгуулалт-14” аяны хүрээнд аймгийн 24 сум хэрхэн ажиллаж бүтээн байгуулалт өрнөж байгаатай танилцахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 24 сумаа бүтэн тойрч томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцжээ. Ийнхүү Завхан аймгийн сум бүрд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг хүргэж байна. 

Асгат сум тэжээлийн үйлдвэр байгуулна

Асгат суманд орон нутаг хөгжүүлэх сангийн 280 сая төгрөгөөр соёлын төвийн барилгын ажил хийж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 сая төгрөгийн нийтийн спорт талбайг энэ ондоо багтаан байгуулах юм.

“Эко Завхан” аяны хүрээнд албан байгууллагууд гадна дотор орчиндоо цэцэг тарьж цэцэрлэгжүүлэлт хийж байна. Энэхүү ажлын үр дүнд сургууль 350 цэцэг, бусад албан байгууллагууд, иргэн бүр нэг цэцэг тарьж ургуулсан нь энэ зун Асгат сумыг чимжээ. Тус сум “Бүтээн байгуулалт-14” аяны хүрээнд айл өрх, албан байгууллага бүр хашаа хайсаа шинэчилж, Засаг даргын тамгын газар автомашины зогсоолыг хийжээ. Сумын орон нутгийн төсөвт 35 сая төгрөг сууснаас иргэдээс санал авч эрэмбэлэн хөрөнгийг үр дүнтэй бүтээн байгуулалтуудад зарцуулж байгаа талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ийнхүү иргэдээс хамгийн өндөр санал авсан цус, шээсний анализатор аппаратыг 14,5 сая төгрөгөөр сумын эрүүл мэндийн төвдөө нийлүүлэхээр болжээ. Ингэснээр алслагдсан сумын иргэд шаардлагатай шинжилгээг сумандаа өгөх боломж бүрдэх аж. Мөн сумын төв нэгдсэн халаалтын систем, цэвэр усны шугам сүлжээг долоодугаар сарын 25-наас хийж эхлээд байна. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд сумандаа 117 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий газар тариалангийн үйлдвэрлэл, тэжээлийн үйлдвэр байгуулж ажиллахаар болжээ. Эдгээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажил нь эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1700 га талбайд улаан буудай, хөх тариа тарьсан. Үүний 700 га-г нь ногоон тэжээлээр, үлдсэн 1000 га-г нь тариагаар хурааж авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. 


Тэлмэн, Бүст нуурыг аялал жуулчлалын чиглэлээр

хөгжүүлж байна

Тэлмэн сум “Эко Завхан” аяны хүрээнд хогийн цэгийг хумьж, торлоход сумын нийт иргэн, замын ажил хийж буй хятад компанийн ажилчид хамтран оролцож хур хогийн цэгээ стандартын дагуу дарж булжээ. 

“Бүтээн байгуулалт-14” аяны хүрээнд сумын шинэ цэцэрлэгийн гадна талын тохижилтыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн кабинетыг сумын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрэн тохижуулсан байна. Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн спортын талбайн барилгын ажлыг хийж байна.

Орон нутаг хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгөөр хийж буй сумын эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд автобусны буудал, сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт, соёлын төвийн дулаалга, дээврийн засварын ажлуудыг хийж байна.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд тус сум аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт авч Хар нуурыг зорьсон аялагчдад зориулсан Тэлмэн, Бүст нуурыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэв. Мөн тариалангийн талбайн услалтын системийн толгойн барилгыг засварлахаар олон улсын байгууллагуудад хүсэлт тавьж Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг авахаар болж ирэх  2020 оны гуравдугаар сард тус ажлыг эхлүүлэхээр болжээ.


Иргэдэд газар олгосноор хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнтэй болжээ

“Эко Завхан” аяны хүрээнд Их-Уул сум төгсөгчдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар иргэдэд газар олгосноор хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнтэй болох боломжтой болов.

Мөн төсвийн байгууллагуудад Идэрийн голын сав дагуух газрыг хуваарилж сар бүр цэвэрлэж хэвшжээ. “Бүтээн байгуулалт-14” аяны хугацаанд сумын айл өрх бүр хашаагаа зосдож, жигдхэн хээлжээ. Сумын төвийг бүрэн камержуулж хүүхдийн хоёрдугаар цэцэрлэгийн гадна талын тохижилтыг хийсэн байна. Тус сумын орон нутаг хөгжүүлэх санд 156,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөр нь энэ жил 18 ажил төлөвлөжээ. Үүний нэг нь хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн засварын ажил юм. Улсын төсвийн хөрөнгөөр сумын соёлын төвийн барилгын ажлыг 300 хүний суудалтайгаар тэрбум 200 сая төгрөгийн өртгөөр хийж байна. Соёлын төвийн барилгын засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй. Мөн нийтийн спортын талбайг байгуулж байгаа ба ажлын явц 60 хувьтай байна. Сумын төвийн гурван км хатуу хучилттай замыг энэ онд эхлэх юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил 70 хувьтай явж байна. Хичээлийн байрыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн ба энэ онд сумын төвд нэгдсэн халаалт тавих аж. 

Орон нутаг хөгжүүлэх сангаас гэрэлтүүлэг нэмэх 10 сая, багийн төвүүдийн засвар 10 сая, Тосонгийн даваа, Урт жалгын замын засварыг 10 саяар хийхээр төлөвлөжээ.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар брэнд бүтээгдэхүүний төвлөрсөн зах барихаар болжээ. Энэ ажлын тендер зарлагдсан байгаа аж. Мөн Турк, Вьетнам улсад цөцгийн тос экспортлох зорилгоор 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж тухайн улсуудаас нь оруулж ирэхээр ажиллаж байна.


Махны үйлдвэртэй болсноор 20 хүнийг байнгын ажлын байраар хангана

“Бүтээн байгуулалт-14” аяны 14 хоногийн хугацаанд Тосонцэнгэл сумын 7,2 км замын гэрэлтүүлгийг хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камержуулалтыг сумын төвдөө хийжээ.

Мөн сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль, Нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газрууд бүрэн камержсан байна. Сумын төвийн айлуудын хаягжуулалтыг Монгол улсын хаягжуулалтын стандартын дагуу 304 гудамж, 2400 гаруй хашаанд хийснээр сумын төвийн нийт хашааны 70 гаруй хувь нь бүрэн хаягтай болж байгаа юм. Худалдааны гудамжны хайсны тохижуулалтыг шинэчлэн хийжээ. Харин Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд махны үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн байрны барилгын ажил явж байна. Үйлдвэр наймдугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орох юм. Энэхүү үйлдвэрт 15-20 суурин ажлын байр бий болно гэж үзэж байна. Мөн жимс жимсгэний цех байгуулах бөгөөд тоног төхөөрөмжөө татах гэж байгаа. Энэхүү цехэд 7-8 хүний ажлын байрыг шинээр бий болгох ажээ. “Эко Завхан” аяны хагас жилийн байдлаар ногоон байгууламж Засаг даргын тамгын газраас эхэлж улиас, хайс, хуш, хус, чацаргана тарих, зүлэгжүүлэх ажлыг хийжээ.

Мөн дөрвөөс таван хүний ажлын байртай хот тохижуулах алба байгуулан ажиллаж байна. Нийт хогийн цэгийн хамрах хүрээг багасган 137 га талбайд цэвэрлэгээ хийж, 7-14 хоног тутамд түрдэг болжээ. Улсын төсвийн хөрөнгөөр ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хичээлийн байр, 640 хүүхдийн хичээлийн байр тэрбум 500 сая төгрөгөөр барьж байна.Тосонцэнгэл суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн барилгыг тэрбум 30 сая төгрөгөөр хийж байна. Мөн 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг энэ онд  ашиглалтад хүлээн авчээ. Тосонцэнгэлээс Хожуулын эх хүртэлх 90 км авто замын засварын ажил 80 гаруй хувьтай байгаа талаарх мэдээллийг тус тус сумын ЗДТГ-аас өглөө.


Цагаанхайрханд сүүний үйлдвэр ажиллаж эхэллээ

“Бүтээн байгуулалт-14” аяны хүрээнд хүүхдийн тоглоомын тохижилтыг сайжруулах, төв гудамжийг тохижуулах уралдааны төсвийг байгууллагуудын дунд зарлан байгууллага бүр орчноо хаягдал материалаар тохижуулсан нь үр дүнтэй ажил болов.

Мөн сумын төвийн урд цөөрөм байгуулан, өвөлдөө мөсөн коток болгож ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ нь хүүхэд залуучуудын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд таатай орчныг бий болгох нэгэн ажил юм. “Эко Завхан” аяны хагас жилийн хугацаанд 1700 чацарганын модыг суулгаж ургуулсан байна. Мөн 60 гацуур модны суулгацыг тарьж 30 нь бусад байгууллагын хашаанд, 30 нь ёслол хүндэтгэлийн өргөөний хашаанд зөв арчилгаатайгаар ургалт сайн байгаа нь сумын өнгө үзэмжийг сайжруулсан ажил болов. Улсын төсвөөр Цагаанхайрхан суманд 2,2 тэрбум төгрөгөөр Ширээгийн голын 90,9 метр төмөр бетон гүүрийг хийж байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхлэх юм. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Ганцын даваанаас Ширээгийн гол хүртэлх авто замын засварын ажлыг 70 сая төгрөгөөр хийж, сумын гудамж талбайн тохижилтын ажил 10 сая төгрөгөөр хийж байна. Мөн Аудитын салбар нэгжийг суманд байгуулахаар судалгаа хийж ажиллаж байна. Сумын төвийг нэгдсэн халаалтад холбох ажил 9 дүгээр сарын 25-нд дуусаж иргэдийн ая тухтай орчинд амьдрах боломжийг нэмэгдүүлэх юм. Сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж олгож сүүний үйлдвэрийн ажил эхэлсэн байна хэмээн Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.  




Нөмрөг сум 24 цагийн эмийн сантай болно

“Бүтээн байгуулалт-14” аяны хагас жилийн шалгаруулалтаар тус сум тэргүүн байрт орсон бөгөөд гурван модон гүүр барьж, сумын төвийн хашаануудыг хаягжуулах ажлыг хийж, сумын Засаг даргын тамгын газрын байрны урд талбайг тохижуулан цэцгийн мандал бий болгож, зүлэгжүүлэлтийг хийсэн байна.

Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийж иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. “Эко Завхан” аяны хүрээнд сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид гялгар уутны хор уршгийн талаар мэдээлэл хийж ажил хэрэг болгож байгаа нь үр дүнтэй байна. Мөн хогийн цэгийн талбайг түрж, хог буулгах талбайг чөлөөлж, дөрвөн чиглэлд зам гарган ажиллаж байна. Сумын хэмжээнд 30 ширхэг хайлаас, 17 ширхэг чацаргана, хоёр ширхэг тэхийн шээг, дөрвөн ширхэг мандлын цэцэг, 500 ширхэг улиасыг тарьж ургуулж сумынхаа өнгө үзэмжийг сайжруулаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр 200 хүний суудалтай соёлын төвийн барилга энэ онд барих юм. Одоогийн байдлаар зураг төсвийг нь хийж байна. Аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр сумын сургуулийн 75 хүүхдийн дотуур байрны их засварын ажил 70 хувьтай явж байна. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг зорилтын хүрээнд суманд 24 цагийн эмийн сантай болох гэрээнд гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар эмийн сангийн байр бэлэн болсон байна. Мөн газар тариалангийн аж ахуй эрхлэх, зөөлөн оёдол хийдэг эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж ажиллахаар болоод буй талаарх мэдээллийг Нөмрөг сумын ЗДТГ-аас тус тус өглөө.

Отгон сум нэгдсэн халаалтын системд холбогдоно

“Бүтээн байгуулалт-14” аяны хүрээнд сумын төвийн хашаануудыг тохижуулах ажлыг хийжээ. “Эко завхан” аяны хагас жилийн байдлаар төрийн байгуулла бүр гадна орчиндоо мод тарьж зүлэгжүүлэлт хийжээ.

Мөн Завхан голын эх болох Буянт голын ундаргыг хамгаалах зорилгоор чацарганын модыг суулгажээ. БОАЖЯ-ны Ногоон хэрэм төсөлтэй хамтран 2018 оны 10  дугаар сараас 10 га газарт бургас, улиас, чацарганын 5000 орчим мод тарих ажил эхлүүлсэн байна. Төгөлийн модны амьдралт сайн байна. Тус суманд 2019 онд ОНХС-гийн 96 сая төгрөг батлагдсан нь өмнөх оноос 21,0 сая төгрөгөөр өссөн байна. Үүний 20 саяар нь ЗДТГ-ын хуучин буудлыг засварлаж тохижуулснаар суманд ирж буй гадна дотоодын байрлагчдад тохь тухтай орчныг бүрдүүлээд байна.

Энэхүү буудал нь Отгонтэнгэр хайрхныг зорин ирдэг төр нийгмийн зүтгэлтнүүд ирэхэд байраар хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойг угтан сумын соёл спортын төв болон сургуулийн нэгдүгээр байрыг их засварт оруулах зураг төсвийг хийлгэж байна. ОНХС-гийн 20,0 сая төгрөгөөр сумын хүүхдийн цэцэрлэгийн засварын ажлыг энэ жил хийх юм. Түүнчлэн сумын төвийг нэгдсэн халаалтын системд холбохоор ажиллаж байна. Энэхүү ажлыг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, сумын ЗДТГ хамтран хийхээр төлөвлөж байгаа талаарх мэдээллийг Отгон сумын ЗДТГ-аас өглөө.


Шилүүстэй сум 3000 орчим цэцгийг гудамж талбайд тарьж ургуулжээ

Шилүүстэй сум эко сум болох зорилт дэвшүүлэн ажиллаж 1000 цэцэг тарих аяныг сумандаа өрнүүлжээ. Үр дүнд нь сумын ЗДТГ 600 гаруй цэцэг, сумын хэмжээнд нийт 2780 цэцгийг энэ жил тарьж ургуулжээ.

Тус сум “Эко Завхан” аяны 2019 оны хагас жилийн дүнгээр “Шилдэг Эко” сумаар шалгарсан байна. Энэхүү аяны хүрээнд хогийн цэгийг ландшафтын аргаар дарж булжээ. Мөн сумын төв гудамжинд цэцгийн мандал хийж, мод тарьж ургуулсан нь сумын өнгө үзэмжийг чимсэн томоохон ажил болов. Сумандаа “Миний гоё сум” хөтөлбөр хэрэгжүүлж “Бүтээн байгуулалт-14” аянд амжилттай оролцжээ. Хөтөлбөрийн хүрээнд “Тавлаг орчин таны оролцоо” аян зарлан төсөвт байгууллагуудыг оролцуулсан нь үр дүнд хүрчээ. Ерөнхий боловсролын сургууль, сумын эрүүл мэндийн төвийн ажилчид нийлж нийтийн эзэмшлийн гадна замыг зассан байна. Мөн сургуулийн ажилчид сумандаа шашин номын үйл ажиллагаа явуулдаг ганданг сэргээснээс гадна сумын төвийн ойролцоох эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж сэг зэмийг устгах ажлыг жил бүр тогтмол хийж байна.  Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид сумын төвөө бүрэн тохижуулсан байна. Шилүүстэй сум Мил Богд буюу Андиа гэгээний 100 жилийн ойд зориулан суварга шинэчлэх, төрсөн газар нь гэрэлт хөшөө босгох ажлыг амжилттай хийжээ. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд Завхан аймаг энэ оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулагчдын форум хийсэн. Энэ ажлын үр дүнд нэг суманд 2-4 жижиг үйлдвэр байгуулах гэрээнд сумдын Засаг дарга нар, хөрөнгө оруулагчид гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Шилүүстэй  сум дөрвөн томоохон гэрээг үзэглэжээ. Тухайлбал хүлэмжийн аж ахуйн гэрээг үзэглэснээр эхний хүлэмжийг ОХУ-аас авч улаан лооль, өргөст хэмхийг амжилттай тариалсан байна. Харин цагаан үнээний фермер байгуулах ажлыг наймдугаар сард багтаан хийхээр төлөвлөжээ. Шилүүстэй суманд улсын төсвөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж байна. Энэ барилга 2018 оноос эхэлсэн ба тухайн ондоо өрлөгийн ажлыг хийж дуусгасан. Одоогийн байдлаар ажлын явц 50 хувьтай байна.Тус суманд ОНХС 80,1 сая төгрөг тавигдсан ба өмнөх жилээс 39,5 саяар өссөн байна. Аймгийн Орон Нутаг Хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 75 хүүхдийн дотуур байрны их засварын ажлыг хийж байна. Засвар зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Энэ ажил  200 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд наймдугаар сарын 25-нд хүлээлгэж өгөх юм. Мөн сумын төвийг  төвлөрсөн халаалтад холбохоор зураг төсөв хийлгэж хөрөнгийг сумын ОНХС-гаас гаргаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тухайгаа Шилүүстэй сумын ЗДТГ-аас дуулгав.   

Холбоотой мэдээ