Монгол-Оросын дайчид, залуучуудаас бүрдсэн 200 орчим төлөөлөгч аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-27 09:19:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын хүрээнд Монгол-Оросын дайчид, залуучуудаас бүрдсэн 200 орчим төлөөлөгч Хэнтий аймагт хүрэлцэн ирлээ.

Тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Монголын залуучуудын холбооны Хэнтий аймаг дахь салбарын төлөөллүүд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид тэднийг угтан авлаа.

Аяллын багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул,Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар галт бамбар өртөөлүүлэх бөгөөд очсон газраа ахмад дайчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, Халх голын дайны холбогдолтой хөшөө дурсгалуудад цэцэг өргөж, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тэд өнөөдөр орой Хэнтий аймгийн Хуулийн байгууллагуудын сургалтын баазад Монгол-Оросын дайчид, залуучуудын нэгдсэн тоглолт үзүүлнэ.

Холбоотой мэдээ