Гаалийн хяналтын талбайг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-27 23:22:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Бичигт боомтын газар стандартын гаалийн хяналтын талбайтай болж, албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг ажлыг "Андын элч" ХХК гүйцэтгэж, 600 гаруй сая төгрөг зарцуулсан байна. 

ГЕГ-ын даргын 101 тоот тушаалаар энэхүү ажлыг 2018 онд эхлүүлжээ. 11 га бүхий талбайг хяналтын талбайн стандартаар засаж, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шат дараатайгаар хийсээр ийнхүү бүтээн байгуулалтын ажил нэг жил үргэлжилж, албан ёсоор ашиглалтад орсон нь энэ юм.

Бичигт боомтоор өдөрт дунджаар 150 орчим том оврын машин БНХАУ руу гардаг. Гэвч эдгээр машинуудын ачсан бүтээгдэхүүнд  нэг бүрчлэн хяналт тавих ажил хангалтгүй байсан. Тодруулбал, Сүхбаатар аймаг дахь гаалийн газар өмнө нь уурхайн захиалгаар газар дээр нь очиж бүтээгдэхүүнд хяналт тавьдаг байжээ. Харин одоо уул уурхайн түүхий эд ачсан машинууд уг талбайгаар дамжин, шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнээ буулгаж, зохих хяналт шалгалт, хэмжилтүүдийг хийлгээд дахин ачаад явах юм байна. 

Бичигт боомтоор гарч байгаа эрдэс баялаг, ялангуяа хүрэн нүүрс жоншийг гүний уурхайгаас зөөж байгаа. Гүний уурхайд гаалийн хяналт хүрч чадахгүй байсан нь үнэн. Бичигт дэх гаалийн хүчин чадал бол гаалийнхаа боомт дээр л ажиллах түвшинд хийсэн бүтэц зохион байгуулалттай. Орчин үед гаалийн  хяналтыг зориулалтын талбайгаар дамжуулах болсон. Сүхбаатар аймаг ч үүнтэй хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Энэ нь гаалийн хяналтыг үр ашигтай сайн явуулах шаардлагыг хангаж байгаа, нөгөө талаас үйлчлүүлж буй жолооч нар хил дээр хэдэн хоногоор хүлээн дугаарлах шаардлагагүй болж байгаагаараа онцлог. Энэ бол маш том ажлын эхлэл гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ.

"Андын элч" ХХК-ийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг талбай нь дэд  бүтцийн асуудлаас эхлээд орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн талбай болж чаджээ.

Энэ талаар тус компанийн Монгол талыг хариуцсан захирал З.Зэнэм танилцуулахдаа, нийт зарцуулсан хөрөнгөөр цахилгааны 04-ийн шугам, сансрын онлайн сүлжээнд холбуулах, орох, гарах буюу экспорт, импортын пүүг ГЕГ-ын програмд холбох, 11 га талбайг хаших, цаашлаад камержуулалт, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлууд хийсэн гэв.

Бичигт боомтыг өргөтгөх, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хийхээр болж, одоогоор зураг төслийн ажлууд хийж байна. Боомт өргөжсөнөөр боомтын ачаалал илүү нэмэгдэнэ. Тиймээс цаашид хяналтын талбайг ч мөн өргөтгөх шаардлагатайг хэлж байна.

Тус боомтоор хүрэн нүүрс, хайлуур жонш, төмрийн хүдэр, түүхий нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг компаниуд тээвэрлэдэг. Гаалийн хяналтын талбай ашиглалтад орсонтой холбоотойгоор эдгээр компаниуд "Андын элч" ХХК-тай албан ёсны гэрээ байгуулах ёстой. Хэрвээ гэрээ байгуулаагүй бол бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх боломжгүй болох юм байна.

Холбоотой мэдээ