Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-27 17:45:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Мөн аймгийн хэмжээнд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж.   

Арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 26-ны өдөр Онцгой комиссын “Хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд танхимын сургалт, 19 сумын холбогдох ажилтан, алба хаагч нарт цахим сүлжээгээр сургалтыг зохион байгуулжээ. Тус сургалтын үеэр зарим байгууллагын удирдах бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар сумуудтай холбогдож санал солилцон, үүрэг чиглэл өгсөн байна. 

Шуурхай ажлын хэсгийн үндсэн үүрэг нь болзошгүй хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед шуурхай үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэ чиглэлээр холбогдох иргэн, аж ахуй нэгж байгууллагыг дайчлах, нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх чиглэлээр асуудал гарсан тохиолдолд удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй аж. 

Дашрамд, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хяналтын цэгүүдэд 24 цагаар үзлэг тандалт хийж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ