Түдэвтэй сумын сургуулийн “Гэр өргөө” хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-28 17:34:53

Завхан /МОНЦАМЭ/. Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуульд гэр өргөө төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ хичээлийн жил тус сургууль 20 орчим зургаан настай хүүхдийг гэр өргөөнд хүлээн авахаар бэлджээ.

Төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас 5,000,000 төгрөгийн санхүүжилтээр гэр өргөөг тохижуулсан бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд 11 хүүхэд ая тухтай орчинд суралцаж төгсжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж байгаа "Боловсролын чанарын шинэчлэл тѳсѳл" -ийн хүрээнд "Сургуулийн тэтгэлэгт хѳтѳлбѳр"-ийн дөрөвдүгээр шатанд "Туршиж үзээд-Тунгаан дүгнэе" сэдэвт 13 сая гаруй төгрөгийн төсөл дэмжигдэж энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхлэхээр боллоо. Энэхүү тѳсөл нь улсын хэмжээний ерѳнхий боловсролын 650 сургуулиас шилдэг 100 тѳсѳлд шалгарсан юм. Төслийн хүрээнд манай сургууль энэ хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг судалж хѳгжүүлж хамтран ажиллах шинэ арга барилаар ажиллах юм хэмээн Түдэвтэй сумын сургуулийн захиргаанаас мэдээлэв.


Зургаан настнууд тухтай орчинд амьдарна гэв

Завхан аймагт малчдын зургаан настай хүүхдүүдийг тохь тухтай орчинд амьдарч суралцах боломжийг бүрдүүлсэн “Гэр өргөө” 23 суманд энэ хичээлийн жилийнхээ үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хөдөөгийн 23 сумын “Гэр өргөө”-г тохижуулахад 2018 онд аймгийн Засаг дарга 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Түүнчлэн Сум хөгжүүлэх сан, сургуулиуд, сумын нутгийн зөвлөл, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл зэргээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдэж тохижуулаад байгаа юм байна. “Гэр өргөө”-г ихэнх сум сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол дотуур байрны хүрэлцээ муутай сургуулиуд тусдаа гэр барьж байгаа ажээ. Энэхүү өргөөнд асрагч болон багш нар ажиллаж зургаан настай хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тоглонгоо сурч хөгжих сургалтыг өгч байна. 

Мөн хүүхдүүдийн ээжүүд ээлжээр “Гэр өргөө”-нд ажиллах, ахлах ангийн охидууд сайн дураараа дүү нартаа тусалдаг ажээ. Зарим хүүхдүүд амралтын өдрүүдээрээ хөдөө гэртээ харьдаггүй бөгөөд найзуудтайгаа гэр өргөөндөө тоглож, хичээлээ давтах дуртай болсон гэдгийг гэр өргөөний багш нар онцолж байсан. Энэхүү ажил нь “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд хийсэн томоохон ажил юм. 

Малчдад тулгамдаж буй нэг чухал асуудал бол зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадах, өрхүүд хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог. Ингэснээр мал аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдийн тоо буурах, өрхийн зарлага нэмэгдэх, гэр бүлд үл ойлголцол үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байгаа. Иймд малчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа амжилттай ажиллах, хүүхдийг багаас нь нийгэмшүүлэх, өөрийн гэртээ байгаа мэт тохилог, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэ ажил үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн хичээлийн жилд сумдын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 100 гаруй хүүхэд амьдарчээ. Цаашид хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Холбоотой мэдээ