“Оросын баатар”-ууд нисэж Халх голын баатруудаа хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-08-28 18:35:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын ялалтын 80 жилийн ойгоор манай улсад ирээд буй ОХУ-ын Агаар, сансрын нисэх хүчний “Русские Витязи” (Оросын баатрууд) багийн нисэгчид өнөөдөр Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ.

Хурандаа А.А.Алексеевээр удирдуулсан, хошууч В.Г.Кочетов, ахмад И.И.Ткаченко нарын нисэгчдээс бүрдсэн нисэх багийнхан сүүлийн үеийн “Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоор нисэж “Зеркало”, “Встречный” зэрэг огцом, бүтэн болон хагас эргэлт, нисэгчдийн ярьдаг “Үхлийн гогцоо” гэгддэг бүтэн тойргоор эргэх зэрэг үзүүлбэрээр мэргэжлийн өндөр ур чадвараа орчин үеийн техникийн хамт харуулж Хүй долоон худагт цугларсан зочид, олон түмний мэлмийг мялааж “Оросын баатар”-ууд Халх голын дайчид, баатруудаа хүндэтгэв.





ОХУ-ын нисэгчдийн гайхамшигт үзүүлбэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид, иргэд олон нийт үзэж сонирхсон юм.










ОХУ-ын агаар, сансрын нисэх хүчний “Русские Витязи” багийнхан 2016 онд орчин үеийн “Су-30СМ” онгоцыг хөлөглөх болсон бөгөөд уг онгоцны анхны нислэг 2012 онд болж байжээ. Уг онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн, олон төрлийн зориулалттай, дөрөвдүгээр үеийн амдан сөнөөгч аж.

“Русские витязи” багийн бүрэлдэхүүнд өнөөдрийн уран нислэгийн үзүүлбэрийг ахалсан хурандаа А.А.Алексеев, мөн дэд хурандаа О.И.Ерофеев, С.В.Щеглов, А.С.Богдан нарын нэгдүгээр зэргийн, туршлагатай нисэгчид багтдаг юм.






Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үеэр Хүйн долоон худагт бэсрэг наадам болж, 64 бөх зодоглосноос “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шагналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардууллаа. Энэ үеэр мөн сурын харваа болон шагайн харвааны тэмцээнүүд боллоо.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ