Америкийн компаниуд Хятадын бараанд ногдуулсан шинэ татвараа цуцлахыг Трампаас хүсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-29 12:31:40

НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн гутал үйлдвэрлэгч 200 гаруй компани Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахгүй байхыг хүссэн захидлыг Дональд Трампт илгээжээ. Шинэ татвар ням гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.


“Шинэ татвар нь АНУ-ын иргэд болон тэдний гэр бүлийн халааснаас төлөх далд татвар юм” гэж захидалд дурдсан байна.


Трампт хүсэлт гаргасан компаниудын дунд “Adidas”, “Nike”, “Crocs”, “Converse” зэрэг алдартай компаниуд байгаа аж. Захидлыг мөн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинд болон Хятадтай хийж буй хэлэлцээнд оролцогч бусад өндөр албан тушаалтанд илгээжээ.


Трамп америкчуудын санал бодлыг сонсож, “ямар ч хэрэггүй худалдааны дайныг зогсооно” гэж найдаж буйгаа АНУ-ын Гутлын жижиглэн худалдаа эрхлэгчид болон борлуулагчдын холбооны ерөнхийлөгч Мэтт Прист илэрхийлсэн байна.


БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна гэж Трамп энэ сарын 1-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Бээжин биелүүлээгүй учир ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн юм. Хятадын эрх баригчид үүний хариуд Америкийн газар тариалангийн бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоож, ногдуулсан татварыг нь нэмэгдүүлж магадгүй гэдгээ мэдэгдсэн.


АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэрийн хариуд есдүгээр сарын 1-нээс болон 12 дугаар сарын 15-наас тус улсын 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 болон 5 хувийн татвар ногдуулахаар болсноо БНХАУ наймдугаар сарын 23-нд мэдэгдсэн бол энэхүү мэдэгдлийн дараа Трамп импортын татварыг урьд нь төлөвлөж байсан 10 хувиас 15 хувь болгож нэмэгдүүлсэн билээ.


Холбоотой мэдээ