“Халхын голын ялалт- 80 жил” яруу найргийн бэсрэг наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-02 14:19:44

Ховд /МОНЦАМЭ/. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Халхын голын ялалт-80 жил” яруу найргийн бэсрэг наадам Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр болов.

Бэсрэг наадмыг Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын санаачилгаар Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран зохион байгууллаа.

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх, түүхэн ялалтын үнэ цэнийг өнөө цагт утга зохиолоор дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэл, ой тоонд шингээхэд энэхүү наадмын зорилго чиглэж байв.

Яруу найргийн бэсрэг наадмын эхний шатанд бүтээл нь тэнцсэн 10 гаруй найрагч шүлгээ уншлаа. Үүнд, яруу найрагч Батсүхийн Магсаржав, Батхүүгийн Хүлэгбоорчи, Баасанхүүгийн Баяраа, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч С.Сүхтулга нарын шүлэг шилдгээр шалгарч, батламж, мөнгөн шагнал гардан авлаа.

Тус наадмын шүүгчээр зохиолч Н.Жаргалсайхан, Яруу найрагч, утга зохиол судлаач доктор, дэд профессор Д.Өрнөхдэлгэр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Г.Төрмөнх нар ажилласан юм.

Уг наадмыг Зэвсэгт  хүчний 123 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүн болон яруу найраг сонирхогчид, иргэд үзэж сонирхжээ.

Холбоотой мэдээ