Ерөнхий сайдын Үндсэн хуулийн хамгаалалт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-02 16:42:18

Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Хэлэлцүүлэг энэ долоо хоногт үргэлжилнэ. Үндсэн хуулийн анхны нэмэлтийг 1999 онд хийжээ. Хийжээ гэж хэлж байгаа нь бас учиртай. Энэхүү нэмэлтийг Үндсэн хуулийн Цэц тухайн үед процетурын алдаа гаргасан гэж үзээд хүчингүй болгосон юм. Харин УИХ-ын 2000 оны ээлжит сонгуулийн дараа бүрдсэн парламент тэрхүү өөрчлөлтийг үг, үсэг цэг, таслал өөрчлөлгүйгээр дахин өргөн барьж батлуулсан юм билээ. Ийм учраас анхны нэмэлтэд “дордуулсан долоон өөрчлөлт” гэх хоч зүүсэн байдаг. “Муу нэртэй, луу данстай” гэгчээр ийм хоч зүүсэн Үндсэн хуулийн анхны нэмэлтийн талаар өнгөрсөн хугацаанд улстөрчдийн амнаас нааштай үг унаж байгаагүй гэж хэлж болно. Харин саяхан нийтлэлч Баабар үйл явдлын оролцогчийн хувьд ам нээжээ (Баабар.mn Үндсэн хуулийг долоо дордуулсан түүх). Түүний бичсэнээр тухайн үеийн УИХ-ын цөөнх (МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр)-ын оролцоо их байсан гэнэ.

 

Төсөл санаачлагч (1996-2000 онд УИХ-ын гишүүн Баабар) Н.Энхбаяртай Үндсэн хуулийн анхны нэмэлтийн талаар санал солилцож нэгдсэн байр суурьт хүрсэн тул дөрвөн заалт бүхий  хуулийн төслөө тэдний талд танилцуулжээ. Түүнээс “Засгийн газраас оруулж ирсэн, улсын нэгдсэн төсвийг гишүүд дур дураараа самарч болдог тогтолцооноос татгалзъя. Төсвийг дуртай нь самарч болдог юм бол Засгийн газар байгаад ч ямар хэрэг байна” гэсэн санааг багтаасан гурав дахь заалтаас бусад нь ямар нэг хэмжээгээр анхны нэмэлтэд байршсан аж. Энэ нэмэлтийг хийснээр төрийн гацааг тодорхой хэмжээгээр арилгасан гэнэ.

 

Анхны нэмэлт хийснээр Ерөнхийлөгч  Н.Багабанди парламентад олонх болсон намын бүлэг ( Ардчилсан холбоо эвсэл)-ээс Ерөнхий сайдад нэг дэвшүүлсэн, нэр дэвшигч (Да. Ганболд)-ийг долоон удаа буцаасан. Харин Ерөнхийлөгчид “таалагдсан” (Ж.Наранцацралт) Ерөнхий сайд болсон “муу зуршил” түүх болон үлдсэн аж. Мэдээжийн хэрэг үүнээс гадна олон нааштай үзүүлэлт Үндсэн хуулийн анхны нэмэлтэд оржээ. Энэ талаар тэрбээр маш тодорхой бичсэн байна. Бүр оролцогсдын тухайн үед гаргаж байсан авир, араншингийн талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Тэр бүхнийг энд дурдах нь илүүц.

 

Гэхдээ өнгөрсөн хугацаанд анхны нэмэлтийг тойрсон үйл явдлыг цухасхан авч үзвэл, “дордуулсан долоон” өөрчлөлт гэдэгт хайрцлагдан ололтынх нь талаар эерэг үг хэллэг нэр томьёо улстөрчдийн амнаас гараагүй байна. Харин хоёр дахь нэмэлтийг хэлэлцэж байгаа энэ үед Үндсэн хуулийн анхны нэмэлтийн ололтын талаар ярьж эхэлсэн нь эцэг хуульд нэмэлт оруулж болдог гэдгийн баталгаа болж өгөх сайн талтай гэж зарим судлаач хэлж байна.

 

Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж байгаа улсын хувьд Ерөнхий сайдыг томилох нөхцөлийг  Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай суулгаж өгсөн нь анхны нэмэлтийг хийх сэдлийг 1996-2000 онд ажилласан УИХ-ын гишүүдэд олгожээ. Түүнийг даван гарахын тулд дээрх нэмэлтийг оруулсан хэрэг.

 

Ерөнхий сайдыг УИХ-д оруулж томилох оньсыг Үндсэн хуулийн анхны нэмэлтээр мулталж чадсан ч огцрох үүдний чагтыг өндөрлөн, бөхлөөгүй бололтой. Тийм учраас 2000 оноос хойш ганцхан (Н.Энхбаяр) Засгийн газар бүрэн эрх ( дөрвөн жил)-ийн хугацаагаа гүйцээжээ. Бусад нь бүрэн эрхээ гүйцээгээгүй юм билээ. Ийм учраас Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан нөхцөлд шинэ Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулах заалт Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтэд оруулжээ. Үндсэн хуульд ийм заалт оруулах нь Засгийн газрын “нас уртсах” сайн талтай гэнэ.

 

Ер нь бусдыг хатгаж Ерөнхий сайдыг огцруулдаг. Дараа нь улс төрийн өндөр албан тушаалд өөрөө санаархдаг “муу зуршил”  улстөрчдийг сүүдэр мэт дагаж явдаг бололтой. Энэ  “муу зуршил”-ыг арилгах үүднээс Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг хийх санаа гарч ирсэн биз. Гэхдээ ийм нэмэлтийг дангаар нь оруулах боломж маш ховор, бараг боломжгүй зүйл учраас бусад нэмэлтийг дагуулан оруулсан гэж ойлгож болно.  Шүүх эрх мэдэл, баялгийн эзэн байх, УИХ-ын гишүүний тоо нэмэх гээд олон зүйл энэ удаагийн нэмэлтэд багтжээ. Тэр бүхний талаар дараа дараагийнхаа тоймд дурдах болно.

 

Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтээр Засгийн газрын “нас уртсах”-аас гадна. УИХ-ын гишүүдийн улсын төсвийг хэлэлцэхдээ хэт үрэлгэн ханддаг  явдлыг хязгаарлахаар оруулжээ. Нэг үгээр хэлбэл 1999 онд УИХ-ын гишүүн Баабарын Үндсэн хуулийн анхны нэмэлтийн төслөөс хасагдсан “Засгийн газраас оруулж ирсэн улсын нэгдсэн  төсвийг гишүүд дур дураараа самарч болдог тогтолцооноос татгалзъя” гэсэн утга бүхий санаа хоёр дахь нэмэлтэд туссан байна. Ийм болохоор энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлтээр Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрлөж, Үндсэн хуулийн хамгаалалтыг нэмэх нь. Мөн УИХ-ын гишүүдийн төсөвт үрэлгэн хандах явдлыг хуулиар хязгаарлана. Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт батлагдах, түүний үр дүн ямар байх нь өнөөдрийн байдлаар ирээдүй цаг дээр  төсөөлөгдөж байна. 

Холбоотой мэдээ