Хонконгийн оюутан сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-09-03 12:13:46

ХОНКОНГ. /BBC/. Даваа гарагт Хонконгийн дунд, их сургуулийн олон мянган оюутан, сурагч хичээлдээ очоогүй байна.


Зохион байгуулагчдын мэдээлснээр, хичээлийн шинэ жилийн эхний өдөр 200 дунд сургуулийн 10 мянган сурагч хичээлдээ очоогүй ажээ. Жагсагчид хоёр өдрийн суулт хийж, томоохон жагсаал цуглаан байгуулахыг уриалсан өдөр уг үйл ажиллагаа болжээ. 


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын дунд үүссэн сөргөлдөөн ихээхэн даамжирсан юм. Бямба гарагт жагсагчид шатахуун бүхий бөмбөг шидэж, хотын парламентын барилга руу халдсан бол цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум, усан буу ашиглаж, анхааруулах гал нээсэн байна. 


Хонконгийн жагсаал цуглаан 14 дэх долоо хоногоо үргэлжилж буй нь энэ юм. Жагсагчид "Сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл"-ийг эсэргүүцэж байсан боловч цагдаа нарын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах уриалга газар авснаас үүдэн улам даамжрахад хүрчээ.

Холбоотой мэдээ