Монгол, Оросын төрийн тэргүүн нар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-03 18:07:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчдад хүндэтгэл илэрхийлэв. 


Халх голын дайны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. Тэрээр Халх голын дайны үед 57 дугаар корпусыг удирдсан бөгөөд цэргийн ур ухаанаа дайчлан ялалтад хүрэхэд  онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. 



ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын дайны ялалтын 75 жилийн ой буюу 2014 оны есдүгээр сард мөн манай улсад айлчлахдаа их жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлж байсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн В.В.Путиний албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр одоо Их тэнгэр цогцолборт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн зоог барих ёслолд оролцож байна. Үүний дараа Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тэрбээр онцгой үүргийн нислэгээр 19.00 цагийн орчимд мордох юм.

Холбоотой мэдээ