Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав.
Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.