Эхний хагас жилд иргэдээс ирсэн өргөдлийн шийдвэрийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж нийт 17 асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, Тавантолгойн нүүрсний экспортын зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Мөнгөн урамшуулал олгох журам шинэчлэн батлах тухай, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам батлах тухай зэрэг тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Швейцарын Үндэсний их хурлын даргын айлчлалын үр дүнгийн талаар хэлэлцэхээс гадна Яамдын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, Иргэд, олон нийттэй харилцах төвд энэ оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар, эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулна. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Уул уурхайн салбарын цаг үеийн зарим асуудлын талаар мэдээлж, БХБ-ын сайд Х.Баделхан, Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулна.