Э.Батбаяр: Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг чөлөөлсөн шийдвэр гаргаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Дараагийн гишүүд ямар шалтгаанаар томилогдохгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүн Э.Батбаяраас тодруулав.
-Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулсангүй. Танай байгууллагын ажилд хүндрэл учирч байна уу?
-Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсан байдаг. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гишүүдийг ШЕЗ-ийн тогтоолоор томилдог. Таван жилийн хугацаа энэ оны гуравдугаар сард дууссан. Тэр даруй Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлж ирүүлэх мэдээллийг манай байгууллагаас Монголын хуульчдын холбоонд хүргүүлсэн ч одоо болтол хариу ирээгүй байна. Мэдээж, манай байгууллагын ажилд тодорхой хүндрэл учирч байгаа.
-Монголын хуульчдын холбооноос яагаад Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг тодруулахгүй удаад байна вэ. Мэргэшлийн хороогүй тул шүүгчийн сонгон шалгаруулалт зогсоно биз дээ?
-Яагаад удаад байгааг бид тодруулсан. Янз бүрийн л шалтгаан байдаг бололтой. Гэхдээ тус байгууллага хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх үүрэгтэй. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ”Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх ёстой. Нэр дэвшигчийг Хуульчдын холбооноос санал болгосноор ШЕЗ Мэргэшлийн хороог байгуулна” гэж заасан байдаг.
Төрийн ажил хэвийн, тасралтгүй явагдах зарчимтай. Ер нь хугацаатай томилогддог албан тушаалтан дараагийн хүнийг томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлж байх зохицуулалт манай улсын хуулиудад нийтлэг байдаг. Харин шүүхийн тухай хууль тогтоомжид энэ талаар тусгагдаагүй болно. Төрийн ажлыг хэвийн, тасралтгүй явуулах эрх ашгийн үүднээс Мэргэшлийн хорооны гишүүдийг томилогдох хүртэл өмнөх гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоотой. Дээрх нөхцөл байдлын улмаас ШЕЗ-өөс Мэргэшлийн хорооны гишүүдийг чөлөөлсөн тогтоол гаргаагүй байна.