Иргэд олон нийттэй харилцах төвд 5018 иргэн ханджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр эхний хагас жилд "Иргэд, олон нийттэй харилцах төв", Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д оны эхний хагас жилийн байдлаар, нийт 5018 иргэн хандсанаас 91.2 хувьд нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тэдгээрийн 61 хувь нь санал хүсэлт хэлж, 29 хувь нь гомдол гаргасан бол 9 хувь нь талархал илэрхийлжээ.
Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны эхний хагас жил нийт 395 мянга гаруй иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргасан байна. Үүнээс 97.6 хувьд нь буюу 386 мянган иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийн хугацааг хэтрүүлэн шийдвэрлэжээ.
Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амьжиргааны түвшнээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлж байна.