Хурдынхны "Хайртай" аян Орхон аймагт үргэлжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хайртай” төслийн баг Орхон аймагт хоёр өдөр ажиллав. Төслийн багийхныг аймгийн удирдлагууд А.Амарын талбайд угтаж “Нутгийн удирдлагын ордон”-ны Хурлын танхимд хүлээн авч уулзан, иргэдтэй уулзуулсан байна. Соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх төлөвшүүлэх зорилготой тус аян 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байгаа юм. Эрдэнэт хотынхонд энэ удаа “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон” нэвтрүүлэг бэлтгэж “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт, “Хөвгүүдийн уулзалт”, “Эр хүний ноён нуруу” уулзалт, “Эх орны хийморь цэнгүүн” зохион байгууллаа.
“Хайртай” төслийн баг Орхон аймагт ажиллах үеэр хичээлийн шинэ жилийн нээлт тохиосон тул “Хурд” хамтлагийнхан Эрдэнэт хотын 1 дүгээр сургуулийн баярт оролцож ая дуугаа өргөжээ. “Эх орны хийморь цэнгүүн” А.Амарын талбайд болж “Хурд” хамтлаг болон Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчид оролцсон цэнгүүнээр өндөрлөв.