Хонконгт жагсаал үргэлжилсээр байна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-09-07 10:35:15

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн засаг захиргаа "Сэжигтнийг шилжүүлэн суулгах хуулийн төсөл"-ийг эргүүлэн татах шийдвэр гаргасныг үл хамааран жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Уг хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам лхагва гарагт мэдэгдсэн юм.


Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг тусгасан уг баримт бичгийг эсэргүүцэгчид гурван сар орчмын турш жагсаж байна. Хуулийн төслийг эргүүлэн татах нь тэдний таван шаардлагын нэг байжээ.


Жагсагчид одоо бусад дөрвөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг Засгийн газартаа уриалж байгаа аж. Үүнд засаг захиргааны тэргүүнийг шууд сонгох ардчилсан сонгууль явуулах, цагдаагийн ажилтнуудын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах зэрэг багтаж байна. 


Баасан гарагийн орой "Kowloon" булангийн ойролцоо цуглаж, гал тавьсан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн Хонконгийн төв хэсэгт болсон жагсаалд 23 мянган хүн оролцсон гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдээлжээ. 


Жагсагчид бямба гарагт нисэх буудал хүрэх замыг хаахыг уриалж байжээ. Харин нисэх буудлын удирдлагууд аялагчдад саад учруулахгүй байхыг жагсагчдаас хүссэн байна. 

Холбоотой мэдээ