Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-07 19:44:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 


Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагт дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэн гэдгийг танилцуулав.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулахаар санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг төслөөс хассан. Тиймээс дээрх заалтад хамаарах хугацаатай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн төслөөс хасах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар гаргасан байна. Мөн дээрх гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж санал гаргасан. 


Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 11 дүгээр сарын 26-наас мөрдөхөөр санал гаргажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлэх санал гаргасан байна. Дээрх саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав,  Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан.  Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хугацаатай холбоотой өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтоосон "2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг хасах саналыг гишүүдийн олонх дэмжив. 


Мөн Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд өөрчлөлт оруулсан  нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй”,  Төслийн "2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна”,  "2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэсэн төслийн заалтуудыг  тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь  дэмжив. Түүнчлэн УИХын гишүүн С.Бямбацогт нараас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь тус тус дэмжив. 


Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан хаалаа.

Холбоотой мэдээ