Завхан аймаг 14 га газрыг ойжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-09 17:51:07

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2019 онд ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 141.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд "Миний гоё сум" аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж 70,0 сая төгрөгийн санхүүжилтыг сумдад олгон хашилт хамгаалалт, арчилгаа усалгааны зардал, тарьц суулгац зэргийг хийжээ. Түүнчлэн дөрвөн сая төгрөгийн хөрөнгөөр Мод үржүүлгийн газрын тарьц суулгацын тоо ширхэг, төрлийг нэмэгдүүлэн улиас, бургас 10 мянга, үхрийн нүд, голт бор, шар хуайс, монос зэрэг мод бутыг тарьж ургуулжээ. Хоёр сая төгрөгийн хөрөнгөөр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр чиглэлд гурван удаа сургалт сурталчилгаа хийж сурталчилгааны зурагт хуудас, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараажээ.

Монгол Улсын Засгийн газрын ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 30.0 сая төгрөгийн хөрөнгөөр Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт 150 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг хийгээд байна. Ойжуулалтын ажлыг 10 сая төгрөгийн хөрөнгөөр 14 га талбайд хийх ажлын гүйцэтгэгчтэй гэрээ хийж явцын хяналтыг аймгийн БОАЖГ-аас хийж байна. Харин ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг орон нутгийн төсвөөс 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийсэн. Мод үржүүлгийн газрыг эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15,0 сая төгрөгийн санхүүжилтээр хийх гэж байгаа талаарх мэдээллийг аймгийн БОАЖГ-ын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ