“Мөрөөдлийн байшин” төслийн хүрээнд ажилтандаа байшин барьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-12 12:24:21

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Замын-Үүд нийтийн аж ахуй үйлчилгээ” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтнууд хамт ажилладаг жолооч Б.Үнэнжаргалын гэр бүлд 60 м.кв байшин барьж өгчээ.

"Мөрөөдлийн байшин" нэртэй зорилтот төслийг нийт ажилчдынхаа идэвх санаачилга, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор, нийгмийн хариуцлагын хүрээнд Ө.Нарантуяа захиралтай компанийн хамт олон санаачилсан бөгөөд компанийн 17 ажилтан ээлжийн амралтынхаа хугацаанд барьсан аж.

Өөрийнх нь амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байшин барьж өгсөнд Б.Үнэнбат компанийнхаа хамт олонд талархал илэрхийлж хийж буй ажилдаа амжилт гаргаж сайн ажиллана гэсэн байна. Дашрамд дурдахад 2019 оныг Дорноговь аймаг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”, Замын-Үүд сум “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Төслийг аймгийн ИТХ, ЗДТГ, Замын-Үүд сумын ИТХ, ЗДТГ, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл,"Борхойн зам" ХХК, "Элгэн баян"ХХК, "Гайхамшигт Энэрэл" ХХК зэрэг байгууллага дэмжин ажиллажээ. Дээрх төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжсэн байна.


Холбоотой мэдээ